Вьетнам, Индонез зэрэг хөгжиж буй орнуудын аж үйлдвэрийн салбарт эрчим хүчний эрэлт, хэрэгцээ хурдтай өсөж байна. Манай wpd групп компани хуримтлуулсан туршлагынхаа хүрээнд зөвхөн Европын зах зээлд төдийгүй Азийн зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа хэмээн ХБНГУ-ын wpd AG группийн Азийн бүсийг хариуцсан захирал бөгөөд Монгол дахь Клинтек ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ханс-Кристоф Брумберг хэлж байлаа. Түүний BloombergTV Mongolia-д өгсөн ярилцлагаас хүргэе.
Ханбогд салхин цахилгаан станцын төсөл ямар шатандаа явж байгаа вэ?
Ханбогд салхин цахилгаан станцын төсөл хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа. Төслийн эхний үе шатыг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Бидэнд хийх ажил олон бий. Цөөн хэдэн техникийн болон, хөрөнгө оруулалт ба санхүүжилтыг эцэслэхээс өмнө шийдэх зарим нэг асуудлууд бий. Гэсэн хэдий ч бид төслийн оролцогч бүх талуудын дэмжлэгтэйгээр зорилгодоо хүрч чадна гэдэгт итгэлтэй байна.
Бид төслийн хүрээнд нийт 250 мВт-ын хүчин чадалтай салхин станц байгуулахаар төлөвлөсөн бөгөөд төсөл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Эхний үе шат маань 4,3 мВт-ын хүчин чадал бүхий 150 метрийн диаметртай 24 салхин сэнснээс бүрдэнэ. Түүнчлэн цахилгаан дамжуулах алдагдлыг бууруулах зорилгоор бүх турбинуудын нийт 102 МВт-ын цахилгаан эрчим хүчийг нам хүчдэлээс өндөр хүчдэлд шилжүүлэх дэд станцыг барихаар төлөвлөж байна. Мөн манай төслийг цахилгаан дамжуулах сүлжээтэй холбох зорилгоор 70 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам барихаар төлөвлөж байна.
Хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэн шийдэх вэ?
Ханбогд салхин цахилгаан станц шиг томоохон хэмжээний төсөлд 200 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалт шаарддаг. Энэ нь сүүлийн жилүүдэд Монголын дэд бүтцийн салбарт хийсэн хамгийн том хөрөнгө оруулалтын нэг болно гэж бодож байна. Зээлдүүлэгч болон хөрөнгө оруулагчдын аль алинд нь хөрөнгө оруулалтаа ямар нэгэн байдлаар баталгаажуулж, тухайн төсөл нь хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилтээ буцаан төлөхөд хангалттай хэмжээний орлого олно гэдэг баталгаатай байх нь чухал байдаг.
Шаардлагатай 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт одоогоор бүрдсэн болов уу?
Манай wpd компанийн зүгээс өөрийн хөрөнгийг оруулахад бэлэн байгаа. Үүнээс гадна олон улсын зээлдүүлэгчид уг төслийг Монголын эдийн засаг болон эрчим хүчний дэд бүтцийн тогтвортой, бие даасан байдлыг дэмжих сайхан боломж гэж үзэж байгаа учраас төсөлд санхүүжилт олгох сонирхолтойгоо илэрхийлсэн.
Монгол Улсад болон Азийн бусад хөгжиж буй оронд үйл ажиллагаа явуулахад Европын орнуудтай харьцуулахад санхүүжилтээс гадна өөр ямар сорилтууд тулгарч байна вэ?
Бид Монголд сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нар, салхины эрчим хүчний арвин их нөөц бололцоо байгааг харж байна. Монгол Улс маш өргөн уудам нутагтай хэдий ч сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэхэд шаардлагатай цахилгаан эрчим хүчний дэд бүтэц одоо л хөгжиж байна гэж би бодож байна. Сэргээгдэх эрчим хүчний станц ажиллуулах нь нүүрс зэрэг шатах түлш ашигладаг уламжлалт цахилгаан станц ажиллуулахаас ихээхэн ялгаатай. Ийм ч учраас төслийг хөгжүүлж, бодитоор хэрэгжүүлэхэд цахилгаан шугам сүлжээ хариуцагч байгууллага болон эрх баригчид зэрэг бүх оролцогч талуудын хүсэл сонирхолыг харгалзан бага зэргийн өөрчлөлтүүд хийн шаардлагууд гарч байна.
Монгол Улсын хувьд ногоон эрчим хүчний салбарт ямар боломж байна вэ?
Хүмүүс байгалийн нөөцийг нүүрс, зэс гэх мэт сонгодог түүхий эдээр төсөөлдөг. Түүхий эд бол Монголын эдийн засгийн гол хөшүүрэг мөн. Мэдээжийн хэрэг эдгээр баялагууд Монголын эдийн засагт маш чухал баялаг. Гэхдээ нар болон салхи нь Монголын томоохон нөөц баялаг бөгөөд эрчим хүчний системийг илүү тогтвортой болгох, сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж буй дэлхий нийтийн нэг хэсэг болох, салхи, нарны эрчим хүчний нөөцийг бүс нутгийн хэмжээнд нээх, магадгүй бусад улс орнуудад экспортлох томоохон боломж гэж харж байна.
Нөөц бололцоог ашиглах тал дээр бид ямар орноос үлгэр жишээ авч болох вэ?
Сэргээгдэх эрчим хүчний нөөц боломжийг бүрэн ашиглахад улс төрийн тодорхой удирдамж, энэ салбарыг хэрхэн хөгжүүлэх талаар тодорхой байх нь чухал гэж бодож байна. Тайвань бол үүний маш сайн жишээ. Тайванийн Засгийн газар маш эртнээс эрчим хүч үйлдвэрлэх уламжлалт тогтолцооноос тогтвортой, сэргээгдэх эрчим хүчний систем рүү шилжих тодорхой зорилтууд тавьсан. Энэхүү тодорхой, том хэмжээний зорилтууд нь хөрөнгө оруулагчид болон хөгжүүлэгчдэд салбараа хэрхэн хөгжүүлэх, зардлаа хэрхэн бууруулах, хэрхэн үр дүнтэй ажиллах талаар удирдамж болж байна.
Дэлхий даяар цэвэр эрчим хүчний үнэ жилээс жилд буурч байна. Харин Монголд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн үнийг бууруулах боломжуудыг хэрхэн харж байна вэ?
Таны зөв. Сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа салхи, нарны эрчим хүч нь эрчим хүчний бусад хэлбэрүүдтэй өрсөлдөх өндөр чадвартай болохыг бид харж байна. Миний өмнө дурдсанчилан салбарын тодорхой чиглэл, зорилго, зорилттой байж, энэ салбар хэр хэмжээнд хөгжих талаар тооцоолол хийж, хөрөнгө оруулалтаа нөхөн төлөх талаар урьдчилсан тооцоотой байх нь чухал гэж бодож байна. Таван жил тутамд 50 МВт-ын эрчим хүч нэмнэ гэхээс илүү амбицтай зорилтуудыг тавьж байх нь чухал. Би Монголд эрчим хүчний зардал буруулах томоохон боломж байгаад итгэлтэй байна. Мөн салбарынхан ч үүн дээр ажиллана гэдэгт найдаж байна.