Ханбогд салхин цахилгаан станц
Энэхүү төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн нутагт хэрэгжиж байгаа бөгөөд төслийг нутгийн шүтээн “Ханбогд” дагшин уулын нэрээр нэрлэсэн. Төслийн байршил нь БНХАУ-тай хил залгаа Гашуун Сухайтын боомтоос 37 км, Оюу Толгойн алт зэсний уурхай болон Хан Бумбат нисэх онгоцны буудлаас зүүн өмнөд зүгт 50 км, мөн нийслэл Улаанбаатар хотоос өмнө зүгт 750 км зайд байрладаг.
Төслийн эргэн тойронд ургамал багатай, хуурай, хагас цөлөрхөг тэгш тал бөгөөд хайлаас, заг мод ургадаг. Хөрсний онцлог шинж нь чулуулаг саарал, харагдахуйц хүрэн элсэрхэг шавартай.
Ханбогд салхин цахилгаан станцын салхин сэнснүүдийг Оюу Толгой-Гашуун Сухайтын замаас 4 км зайд урдаас хойш чиглүүлэн хоёр эгнээ суурилуулахаар төлөвлөсөн.
Ханбогд салхин цахилгаан станцын цахилгаан дамжуулах үндэсний сүлжээтэй холбогдох цэг нь төвийн эрчим хүчний системийн “Оюутолгой дэд станц” бөгөөд цахилгаан дамжуулах агаарын шугам нь баруун хойд зүг рүү 65 км орчим үргэлжилнэ.
Салхин цахилгаан станцын эхний үе шат болох 102 МВт нь 24 салхин сэнстэй байх бөгөөд салхин сэнс бүр нь 4,25 МВт-ийн хүчин чадалтай байна.
Монгол орны эрс тэс хүйтэн цаг агаараас шалтгаалан салхин цахилгаан станцын барилгын ажлыг өвлийн улирлыг харгалзан төлөвлөх шаардлагатай болж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын үе шат үргэлжилсний дараа 2028 оны 4-р улиралд ашиглалтанд орохоор төлөвлөж байна.